26 насны сараачилбар

Altan Bayar
3 min readApr 8, 2024

--

Нас ахих бүртээ л “Аагий чи жаргалтай байна уу?” гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг юм. Тийм ээ, би жаргалтай байна. Миний төрсөн өдөр яг л жил бүрийн 1 сарын нэгэн шиг, бүх зүйл дахин эхэлж байгаа юм шиг, Аагий илүү ухаан сууж байгаа юм шиг санагддаг. Би амьдралдаа зорилго гээд байх зүйлгүй ч, хүүхэд байхдаа мөрөөддөг байсан бүх зүйлээ биелүүлчихсэн. Хичээнгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, тусч, хайр түгээсэн хүү томорсоор л. Хийе гэвэл хийчихдэг, чадна гэвэл чадчихдаг, өөрийн чадах зүйлээ бардам хийдэг, бахдаж хийдэг, чадахгүй зүйлээ чадахгүй гээд суулгүй яаж ийж байгаад л хийдэг Аагий. Аагийтай хэн ч ярихад таатай мэдрэмж авна. Надаас таагүй мэдрэмж авсан бол тэр хүнд өөрт нь асуудал бий гэж боддог. Бүх хүн Аагийгийн эсрэг зогссон ч Аагий л өөрийнхөө төлөө зогсох тийм л хүчирхэг хэр нь, хүүхэд шиг сэтгэлтэй нэгэн. Өөрийгөө магтахыг, хайрлахыг би илүүд үзнэ. Би хэн нэгний төлөө амьдраагүй, өөрийн төлөө л амьдарна гэсэн философиор би өнөөдрийг хүрэв. Ирээдүй минь ч ижил байх. Ер нь өөрийгөө эготой гэж үнэлнэ. Үүндээ ч дуртай.

Өнгөрсөн онд юу болов?

Би яаж ч ядарсан, яаж ч туйлдсан, яаж ч зовсон хичээсээр л байгаа. Гэхдээ би жаргалтайгаар, өөрийнхөө төлөө хичээжээ. Хүүхэд том болох сайхан байна. Нэмүүн намайг илүү амрааж, илүү их хайрын харцаар харж, чанга тэвэрч, гарын хөөрхөн жижиг хуруунууд нь намайг илэх нь ямар ч амралтаас илүү амар амгаланг мэдрүүлэв. Мөн би илүү тайван амьдарчээ. Үзэн ядах хүнгүй бүгдийг нь сэтгэлээсээ чөлөөлж чаджээ. Аагий 25 насандаа маш бага уйлжээ. Өнгөрсөн онд хайртай авга эгчийгээ бурхны оронд үдэхдээ, нүдэндээ биш сэтгэлдээ маш ихээр уйлав. Ойр дотныхон, гэр бүл, бид хэзээ ч нас эцэслэж , хэзээ ч хэн нэгэнтэй уулзсан сүүлийн уулзалт байж магадгүй тул хүнтэй үг солих бүртээ л сайхан харьцахыг хичээж байна. Амьдралынхаа турш хэн нэгэн намайг юу гэж бодох бол гэж бодож үзсэнгүй. Намайг сайнаар ч, муугаар ч хамаагүй бодсон л бол тэр хүний бодолд би ямартай ч байгаа гэдгээ хааяа мэдрэх бас сайхан. Өнгөрсөн онд юу ч болоогүй. Би өөрийнхөөрөө л амьдарсан. Хангалттай сайн хөдөлмөрлөсөн, тэр хэмжээгээрээ ч хөрөнгөжсөн, мэдлэг хураасан. Амьдрал сайхан байгаа.

Одоо яая гэж бодож байна?

Ирээдүйдээ нээх зорилго, мөрөөдөл гэдэг зүйлийг урдаа тавьмааргүй байна. Биелүүлж чадахгүйгээр үхчихвэл бараг харамсаад сүнс маань ч амар хэсэж чадлахгүй байх. Зүгээр тухайн цаг үедээ цагийг сайхан өнгөрүүлж, уурламаар байвал уурлаж, инээмээр байвал инээж, уйлмаар байвал уйлахад л хангалттай. Хэн нэгний амьдралд санаа тавилгүй, хайхралгүй амьдарч бас сурах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс өөрсдийнхөөрөө л зовж, өөрсдийнхөөрөө л жаргаж амьдарч байгаа шүү дээ. Бас хэнд ч зөвлөгөө өгөхгүй, хэнээс ч зөвлөгөө авахгүй байхыг хичээнэ. Зөвлөгөө авлаа, өглөө гээд тэрийг нь хэрэгжүүлдэг ч биш. Ажил, амьдрал цаг үеэсээ л хамаарна. Надаас бус маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг зүйл. Тухайн үедээ л шийдвэр гаргана. Өмнө нь төлөвлөлөө гээд, маш сайн шийдэл гаргалаа гээд шийдэгдэхгүй, цуцлагдвал өөрөө л зовохын нэмэр.

Хүмүүстэй удаан хугацааны харьцаатай байхыг хичээхгүй.

Өнгөрсний алдаа бол олон хүнд ашиглуулсан мэдрэмж авах. Заримдаа тэдгээр хүмүүсийг нофш гээд хараачихмаар байдаг. Оюутан байхад олон хүнтэй танилцаж, олон ч санаагаа, биеийн болон оюуны хүчээ үнэгүй ашиглуулсан санагддаг. Тэд нар одоо надтай уулзахдаа зөвлөгөө өгөх гэж хичээнэ. Өөрсдийгөө миний төлөө олон зүйл хийсэн гэж бодох Паразитууд. Гэхдээ 25 насандаа эдгээр гэгдэх хүмүүстэй бараг уулзаагүйдээ бас баярлана. Ирээдүйд ч уулзахгүй, хамтрахгүй байхыг хичээнэ. Тэдгээр хүмүүстэй нэг ч зүйлээр огтлолцохгүй байхыг хүснэ. Зүгээр л “Сайн байна уу? та, ажил төрөл нь сайн уу?” гэсэн харилцаа л хангалттай.

Аагийд өгөх хэдэн үг

Дэлхий дээрх хамгийн сайн хүн нь бас хамгийн тайван хүн нь Аагий. Юу ч тохиосон тэнгэрлэг байж, тухайн цаг үеийнхээ сэтгэл зүйг дагадаг. Энэ байдал нь зөв шүү. Олон зүйл боддоггүй шигээ, тунгаадагүй тэнэгдүү байгаа чинь хангалттай. Аагийгийн гаргасан шийдвэр үргэлж зөв байдаг. Харамсах гээд байвал Аагийгийн л шийдвэр шүү дээ гээд өөрийгөө чөлөөлж байгаарай. Хэн нэгэн чамд зөвлөгөө өгөх гээд байвал зүгээр сонсоод “баярлалаа” гэж хэлчхээд өөрийгөө л дагаарай. Нэмүүний хувьд би аав нь, Ангираагийн хувьд би нөхөр нь, гэхдээ бүгд хувь хүмүүс тул тэдний шийдвэр, тэдний хүсэл нь надаас хамаарахгүй гэдгийг бас ойлгоорой. Гэхдээ бид гэр бүл гэдгээ санаж хамгийн чухал нь тэд гэдгийг бас санаарай. ГЭР БҮЛ мөн БИ-гээс өөр чухал зүйлгүй гэдгийг үргэлж санах болно. Хайрлах болно.

2024.4.8

--

--